ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

“АРХИГҮЙ, ТАМХИГҮЙ-ХОВДЧУУД” ДЭД ХӨТӨЛБӨР

2015-09-24

Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн

Хуралдааны  2015 оны 04 дүгээр

 сарын  10 -ны өдрийн ... дугаар

 тогтоолын 1-р хавсралт

 

 

“АРХИГҮЙ, ТАМХИГҮЙ-ХОВДЧУУД” ДЭД ХӨТӨЛБӨР

 

НЭГ.ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага архидан согтуурсны улмаас хордох, архинд донтох өвчтэй болохоос гадна зүрхний титэм судасны өвчин, тархинд цус харвах, чихрийн шижин зэрэг 60 гаруй өвчин архидалттай ямар нэг хэмжээгээр холбоотой үүсч, даамжирч байгаагийн дотор элэгний хатуурал, улаан хоолой, элэгний хавдар, эпилепси болон осол гэмтэл, санаатайгаар хүний эрүүл мэнд, амь насанд  аюул учруулж байгаа тохиолдлын 20-30 хувь нь архидалтаас үүдэлтэй байна гэж тооцоолжээ.

Сумын хэмжээнд 2014 онд үйлдэгдсэн 357 гэмт хэргийн 99 буюу 27 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байх ба архидан согтуурсны улмаас 2014 онд нийт 3135 хүн эрүүлжигдэж, 7596 хүн захиргааны зөрчилд холбогджээ.

Дээрх иргэдийн ихэнхи нь ахуйн хүрээнд архидан согтуурсан байх нь гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгаан болж иргэдийн тайван амьдрах боломжийг алдагдуулж, өрхийн орлого буурах, ядуурлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг болсоор байна.

Архидан согтуурах нь гэр бүл дэх хүчирхийлэл, гэр бүл салалт, ажил таслалт, сургууль завсардалт болон хүүхэд өсвөр үеийнхний архи ууж, тамхи татах, мансуурах хорт зуршилд автах шалтгааны нэг болж байна.

Мөн тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар зохих үр дүнд хүрч ажиллаж байгаа эсэх талаар хангалтгүй байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тамхидалтын талаархи судалгааг авсан боловч үнэн зөв бодитой мэдээлэл ирүүлэхгүй байгаа бөгөөд сургуулийн нийгмийн ажилтангууд архидан согтуурсан сурагчид эрүүлжигдсэн талаар доривтой арга хэмжээ авч ажиллахгүй байгаагаас ЕБС-ын сурагчдын согтууруулах ундаа хэрэглэх, түүнээс улбаалан гэмт хэрэг зөрчилд холбогдох, танхайрах явдал гарсаар байна.

Иймд ЕБС-ын Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт архи, тамхины талаарх хичээлийг түлхүү оруулж, эрүүл мэндийн газрын мэргэжлийн хүнээр хүний биед учируулах хор уршгийн талаар хичээл заалгах, эрүүл, зөв, боловсон зан үйлийн дадал зуршлыг сурагчдад төлөвшүүлэх нэн шаардлага тулгараад байна.

Архи, тамхины хор хөнөөл, үүнээс үүдэн гарч буй гэмт хэрэг зөрчил хүний эрүүл мэнд нийгэмд учирч буй хор уршгийг багасгах, архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх, архинаас гаргах эмчилгээнд хамруулах, гэр бүл нийгэмд тустай иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, албан байгууллага үйлчилгээний орчин, нийтийн эзэмшлийн газрууд архигүй, тамхигүй тавлаг орчин бүрдүүлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийг хангах, амгалан тайван байдлыг хамгаалах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

ХОЁР.ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ХУГАЦАА

2.1.Хөтөлбөрийн зорилго

Иргэдийн амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн санал санаачлагыг дэмжин тэдгээрийн идэвхитэй оролцоонд түшиглэн архи тамхины хэрэглээг багасган соёлтой хэрэглээний хандлага төлөвшүүлэхэд дэд хөтөлбөрийн зорилго оршино.

2.2.Хөтөлбөрийн зорилт

2.2.1.Архины хамааралтай иргэдийн дэлгэрэнгүй судалгааг багуудаас гаргуулан, дүн шинжилгээ хийн, авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн ажиллах.

2.2.2.Архи, тамхинаас гарах чин хүсэлтэй иргэдэд туслах, нөлөөлөх ажлыг зохион байгуулах эрүүл мэндийн байгууллага болон сайн дурын бүлэгтэй хамтран ажиллаж хөрөнгө санхүүд нь дэмжлэг тусдлалцаа үзүүлэх,

2.2.3.Архи, тамхи худалдаалах, түүгээр үйлчлэхгүй байх хэм хэмжээг зөрчсөн аж ахуй нэгж, байгууллагын үйлчилгээний зөвшөөрлийг хязгаарлах, хүчингүй болгох эрх зүйн арга хэрэгслийг бүрэн ашиглаж бодит ажил хэрэг болгох

2.2.4.ЕБС-ын сурагчид, оюутнуудад архи, тамхины зан үйлийг төлөвшүүлэх

2.2.5.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, гэр бүл, хамт олны архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагыг тодорхой болгон  хамтын ажиллагааг сайжруулснаар дэмжлэг бүхий орчинг бүрдүүлнэ.  

2.3.Хөтөлбөрийн хугацаа  

2.3.1.Нэгдүгээр үе шат: 2015-2016 онд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх

2.3.2.Хоёрдугаар үе шат: 2016-2018 онд дэд хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн, хяналт шинжилгээ үнэлгээ хийх

ГУРАВ.ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1.Архи хэрэглэдэггүй хүмүүсийн туршлага, зөвлөгөөг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг тогтмолжуулах, тэдний оролцоотойгоор архидан согтуурахаас сэргийлэх олон нийтийн байгууллага байгуулж, ажиллах үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжих

3.2.Сумын хэмжээнд байгаа архины хамааралтай иргэд, архаг архичдын дэлгэрэнгүй судалгааг баг тус бүрээр үнэн зөв гарган архи, тамхины хамаарлаас ангижрах хүсэлтэй иргэдийн нарийвчилсан бүртгэл хийх.

3.3.Архи, тамхины хор хөнөөл архидан согтуурахын хор уршиг, архи тамхины хамаарал бүхий иргэдийн хандлагыг өөрчлөх, эрүүл зөв амьдрах чиглэлийн сургалт лекц, яриа, таниулга, хэлэлцүүлэг сургалт сурталчилгааны ажлыг үр дүнтэй тогтмол зохион байгуулах

3.4.Аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүдийг архи, тамхигүй тэмдэглэх уриалга гарган, зорилт дэвшүүлэн ажиллах.

3.5.Сургалт эмчилгээнд хамрагдан архины хамаарлаас гарсан иргэдийг нийгэмшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тэдний ар гэр амьдрал ахуйд бодитоор туслан дэмжих, үүнтэй холбоотой төсөв санхүүг шийдвэрлүүлэх

ДӨРӨВ.ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ,

ХАМТЫН АЖИЛЛАГАА

4.1.Сумын ИТХ,  Засаг дарга

4.1.1.Иргэдийн оролцоонд түшиглэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд баяр, ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй, тамхигүй орчинд тэмдэглэн, тодорхой зорилт дэвшүүлэн ажиллах

4.1.2.Архи, тамхи хэрэглэдэггүй, амьдралын зөв хэвшилтэй болон архины хамаарлаас ангижирсан хүмүүсийн туршлага, зөвлөгөөг сурталчлах, тэдний оролцоотойгоор архидан согтуурахаас болон тамхины хор хөнөөлөөс сэргийлэх сайн дурын бүлэг холбоо байгуулж ажиллах үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжин ажиллах

4.1.3.Архинд донтох өвчтэй иргэнийг сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан, архины хамаарлаас гарах эмчилгээ хийлгэсэн хүний ахуй амьдралд туслах

4.1.4.Баг, хамт олны ажлыг дүгнэхдээ архидан согтуурахаас сэргийлэх, тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж хийсэн ажлын бодит үр дүнг харгалзан үздэг байх.

4.1.5.Сум хөгжүүлэх сангаас олгож буй хөнгөлттэй зээл, нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээнд архины хамаарлаас ангижрах сургалт, эмчилгээнд хамрагдсан иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах.

4.1.6.Тамхи худалдаалах түүгээр үйлчлэх үйл ажиллагаа  эрхлэх аж ахуй нэгжид зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт шаардлагыг өндөржүүлэн, хуулийн хэрэгжилийг ханган ажиллах

4.1.7.Согтууруулах ундаа, тамхины худалдаа үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, дэлгүүр, зоогийн газар, зэрэг бусад байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран байнгын хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх арга хэмжээг авч ажиллах

4.1.8.Архи, тамхины сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах үр дүнг тооцох

4.1.9.Өсвөр залуу үеийнхний дунд архи тамхины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгааны ажлыг түлхүү зохион байгуулж ажиллах

4.1.10.Орон гэргүй тэнэмэл амьдралтай, архины хамаарлаас гарах сургалт, албадан эмчилгээнд хамрагдсан иргэдийг нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, тусламж үйлчилгээнд хамруулах.

4.2.Багийн Иргэдийн Нийтийн хурал, Багийн Засаг дарга

4.2.1.Дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн тухайн нутаг дэвсгэрийн онцлог, тулгамдсан асуудалд тулгуурласан, төлөвлөгөө боловсруулан баталж, төлөвлөгөөний дагуу ажлуудыг доривтой зохион байгуулж ажиллах

4.2.2.Тухайн багийн нутаг дэвсгэрт байрлах согтууруулах ундаа, тамхи худалддаг /үйлчилдэг/ аж ахуй нэгж, дэлгүүр, зоогийн газар, зэрэг бусад байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж, хүүхэд, залуучууд, боловсролын байгууллагын орчинд согтууруулах ундааг худалдахгүй /үйлчлэхгүй/ байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах;

4.2.3.Багийнхаа иргэдийн дунд аливаа баяр ёслолын үйл ажиллагааг архи, тамхигүй, соёлтой, зөв боловсон тэмдэглэн өнгөрүүлэх талаар уриалга гарган ажиллах

4.2.4.Архины асуудалтай, архинд хамааралтай иргэнгүй баг, байгууллага, аж ахуй нэгж болгох, иргэн бүрт хууль эрх зүйн актуудыг болон тэр талаар гаргасан сайн үр дүнтэй арга ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, иргэн бүрийг гэмт хэрэгт өртдөггүй болгон хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд идэвхитэй үйл ажиллагаа явуулах.

     4.3.Хэвлэл мэдээллийн байгууллага

            4.3.1.Архидан согтуурснаас нийгэм, эдийн засаг, хувь хүний ёс зүй, бие, сэтгэцэд учрах хор уршгийн талаар нийт хүн ам, ялангуяа хүүхэд өсвөр үеийнхэнд тодорхой дэс дараатай мэдлэг, хандлага, зөв зан үйлийг эзэмшүүлэхэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааг нийтлэл, нэвтрүүлгийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөртөө тусгах, цагийг нэмэгдүүлэх, захиалагчдад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх;

4.3.2.Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож буй ажлын ололт, дутагдлыг тухай бүр нийтэд сурталчилж байх.

4.4. Иргэн, гэр бүл, олон нийт

4.4.1.Иргэн бүр архины хор уршгийн талаар зохих мэдлэгтэй болж үр хүүхэд, гэр бүлийнхэндээ тайлбарлан таниулах, хүүхэд, залуучуудыг багаас нь эрүүл амьдрах ухаанд сургах;  

4.4.2.Архины асуудалтай хүн, түүний гэр бүлд мэргэжлийн байгууллага, хүмүүсээс хууль эрх зүй, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, олон нийтийн зүгээс энэ чиглэлээр туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

4.4.3.Насанд хүрэгчид, эцэг, эхчүүд согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх уламжлалт зан үйлээ сэргээн хэвшүүлэх, хүүхэд, залуучуудад зөв үлгэр дууриалал үзүүлэх.

ТАВ. ДЭД ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТ

5.1.Дэд хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт

5.1.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хариуцан удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хөтөлбөр хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гарган, санхүүжилтийн асуудлыг орон нутгийн төсөвт тусгуулан зарцуулах.

5.1.2.Дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх ажлыг сумын Засаг даргын Тамгын газар хариуцна. Хагас бүтэн жилээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчидэд хөтөлбөрийн тайлан мэдээг мэдээллэх.

5.2.Дэд хөтөлбөрийн санхүүжилт

5.2.1.Орон нутгийн төсвөөс

5.2.2.Бусад төсөл арга хэмжээ  

ЗУРГАА. ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН, ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ, ТАЙЛАГНАХ

6.1.Хүрэх үр дүн

6.1.1.Архины хамааралтай иргэдийн тоо буурч, архидан согтуурах явдал, архинаас үйлдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо багасна.

6.1.2.Сумын хэмжээнд архины хамааралтай иргэдийн дэлгэрэнгүй судалгаатай болсон байна.

6.1.3.Архины хамаарлаас ангижрах сургалт, арга хэмжээ, эмчилгээнд хамрагдах иргэдийн оролцоо сайжирч, архины хор хөнөөлийн талаар иргэдийн ойлголт сайжирна.

6.2.Тайлагнах дүгнэх

6.2.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаарх мэдээллийг хагас бүтэн жилээр сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлэх.

6.2.2.Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулсан ажлыг нэгтгэн дүгнэж, сумын Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, ИТХ-ын хуралд мэдээллэх.

 

------------ о О о ------------

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%